Урт зуны амралт дуусч хичээлдээ орох мөч өдөр ирэх тусам ойртож байна. Хичээлийн жилийн эхэнд эцэг эх сурагч багш бүгд шинэ хичээлийн жилдээ зорилготой, төлөвлөгөөтэй, мөрөөдөлтэй догдлон бэлддэг билээ. Тэгвэл шинэ хичээлийн жилдээ яагаад шинэ чадвар сурч болохгүй гэж? Хүний сурлага, ажил амьдралын амжилтын гол чадварын нэг бол яах аргагүй цаг баримтлах чадвар юм. Энэ нь төрөлхийн биш сурдаг чадвар учраас бид өдөр тутамдаа дадлагажсанаар энэ чадварыг эзэмших боломжтой.
Анхан шатны мэдлэг заах - Аливаа чадвар бүр анхан шатны мэдлэг заахаас эхэлдэг. Цаг баримтлах чадварын эхний хичээл бол хүүхдэд цаг заах, цаг хэрхэн ажилладаг болохыг, аливаа зүйлийг хийхэд хэр их цаг ордог болохыг зааж болох юм. Цагийн концепцийг ойлгосноор хүүхэд цаг хугацааны үнэ цэнийг ойлгох боломжтой. Дүрслэн харуулахын тулд элсэн цаг ашиглах нь илүү үр дүнтэй. Элсэн цагаа төрөл бүрийн үйлдэлд ашиглаж туршин үзэх хэрэгтэй. Жишээлбэл, тоглоомоо эмхлэх, хоол хийх гэх мэт.
Аяган дахь элс чулуу - Сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдийн хамгийн түгээмэл ашигладаг хэрэгсэл бол аяга, чулуу, элс юм. Нэг чулуу бүр амьдралын чухал бүрэлдэхүүнийг төлөөлнө. Жишээлбэл, гэр бүл, сургууль, эрүүл мэнд гэх мэт. Харин элс нь сонголтыг дүрсэлнэ. Жишээлбэл, хобби, тоглох цаг, утас үзэх цаг гэх мэт. Хэрвээ бид аягыг элсээр дүүргэвэл чулуу хийх зай байхгүй болно. Энэ нь хүүхдэд цаг хугацаагаа өөрт чухал зүйлд зарцуулах ёстой болохыг заах хамгийн шилдэг арга билээ.
Календар заах - Аливаа үйл явдал, үйл ажиллагааг заах нь цаг баримтлах чадварын нэг томоохон хэсэг юм. Хүүхэдтэйгээ хамт гэр бүлийн календар хийгээрэй. Үүнийгээ өөрийнхөөрөө чимэглэх нь илүү зугаатай бас утга учиртай байх болно. Хийсэн календар дээрээ удахгүй болох төрсөн өдөр, тэмдэглэлт үйл явдал, гэрийн даалгавар гэх мэт чухал үйл явдлыг тэмдэглээрэй. Ингэснээр хүүхэд аливаа үйл явдалд урьдчилан бэлдэж сурах юм.
Бодит хүлээлтэй тавьж сурах - Хүүхэд бүр цаг баримтлах чадварт суралцахдаа эхлээд ихээхэн чармайлт гаргадаг. Хэт урт хугацааны төлөвлөгөө гаргах, хэт өндөр зорилго төлөвлөгөө гаргах нь тэдний урмыг мохойдог болохыг анхаараарай. Тэдэнд өөрийн бүтээмжтэй цаг, амрах цагаа тодорхойлох боломж олгох хэрэгтэй. Түүнчлэн тогтмол тэдэнд суралцаж байгаа болохыг нь сануулах нь чухал юм.
Өөрөө үлгэр дуурайлал үзүүлэх - Хүүхэд биднээс хамгийн их суралцдаг. Тийм учраас та бас ажлаа календарт төлөвлөн оруулж, түүнийгээ даган мөрдөх хэрэгтэй.
Чөлөөт цаг маш чухал - Календар хөтлөх үедээ чөлөөт цагийг заавал оруулаарай. Энэхүү төлөвлөгөөгүй, чөлөөт цаг нь хүүхдийн сэтгэхүйн эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй.
Comments