Хүн бага наснаас эхлэн санхүүгийн эрх чөлөө, санхүүгийн хэлд нэвтрэх шаардлагатай. Энэ нь бие даасан, тэнцвэрийг баримталж чаддаг, эрүүл амьдралын хэмнэлтэй насанд хүрэгчид зайлшгүй байх ёстой чадвар билээ. Хүүхэд санхүүгийн чадварыг хаана сурдаг вэ? Хүүхэд бага наснаас мөнгөний үнэ цэнэ, утга учиртай танилцаж эхэлснээр энэ нь ирээдүйн төсөв гаргах, хөрөнгө оруулах, хадгаламж үүсгэх зэрэг санхүүгийн гол чадварын суурийг тавина гэсэн үг юм. Тэгвэл хүүхдэд хэрхэн санхүүгийн чадварыг заах вэ?
Мөнгөний талаар ярилцах - Хүүхэд аливаа зүйлийг туршиж үзсэнээр илүү сайн суралцдаг. Хүүхэд 3 наснаас хэлэн мөнгөний тухай ойлгож эхэлдэг гэж үздэг. Тиймээс тэднийг тоолж сурах үеэс эхлэн мөнгөний талаар зааж өгөөрэй.
Мөнгөний үнэ цэнийг танилцуулах - Халаасны мөнгө бол хүүхдийн мөнгөтэй харилцах эхний алхам юм. Халаасны мөнгийг гэрийн багахан ажилтай холбож өгвөл хариуцлага, ажлын ёс зүйг заах шилдэг арга билээ. Халаасны мөнгийг хүүхэд хөдөлмөрлөж авч сурснаар мөнгөний үнэ цэнтэй танилцахаас гадна, өөртөө зориулан сонголт гаргаж сурдаг.
Хадгаламжийн ач холбогдлыг зааж өгөх - Заримдаа хүүхэд халаасны мөнгөнөөсөө илүү үнэтэй зүйл авахыг хүснэ. Энэ тохиолдолд тэдэнд хадгаламжийн тухай зааж өгөх хэрэгтэй. Жишээлбэл, халаасны мөнгөнийхөө 10%-ийг хадгалах гэх мэт. Хадгаламжаа ил тод байлгаарай. Энэ нь тэднийг урамшуулах болно.
Хөрөнгө оруулалтын тухай зааж өгөх - Хүүхэд мөнгө хадгалж эхэлсний дараа тэдэнд мөнгөөрөө худалдан авалт хийх үү эсвэл хөрөнгө оруулалт хийх үү гэдгийг ярилцаж хөрөнгө оруулалтын анхны мэдэгдэхүүнийг зааж өгөх боломжтой. Магадгүй хамтдаа хувьцааны талаар судалж багахан хөрөнгө оруулалт хийх нь зугаатай ажил юм.
Зуны ажил хийх - Олон судалгаанд зун ажил хийж байсан залуучууд урт хугацаандаа илүү сайн мөнгө хадгалдаг болсон талаар дурддаг. Зун зөвхөн гэрт нь тоглуулах биш гэрийн ажилдаа туслуулж цалин өгөөрэй.
Хүсэл, хэрэгцээний ялгааг зааж өгөх - Хүүхэд томрох тусам зөвхөн хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарцуулах уу эсвэл хүссэн зүйлдээ зарцуулах уу гэдгийг ярилцаж үзээрэй. Энэ ялгааг ойлгож сурснаар хүүхэд мөнгөө ухаалгаар зарцуулж сурах болно.
Comments