Хүүхдэд хариуцлага заах нь тэдний ирээдүй, өөртөө итгэх итгэл, хувь хүний өсөлтөд чухал нөлөөтэй. Хариуцлага нь хүүхдэд өөрийн үйлдлийн үр дагаврыг ойлгох, цагаа оновчтой удирдаж сурах, илүү бие даахад тусалдаг.
Тодорхой хүлээлт тавих - Та хүүхдээсээ яг юу хүлээж байгаагаа ойлгуулах хэрэгтэй. Энэ нь тэдэнд яг ямар үүрэг гүйцэтгэх ёстой, юу хийх ёстойгоо ойлгоход туслах болно. Жишээлбэл, гэрээ цэвэрлэ гэж хэлэхийн оронд тоглоомоо хураагаарай, гутлаа шүүгээнд хийгээрэй гэх байдлаар илүү тодорхой ажил даалгах.
Өөрөө хариуцлагыг үлгэрлэх - Хүүхэд хүрээлэн буй орчноо ажиглаж суралцдаг. Цагаа удирдаж хийсэн зүйлийнхээ үр дагаврыг хүлээж, ажлаа цагтаа дуусгах зэрэг үйлдлийг хүүхдэдээ үлгэрлэн харуулаарай. Жишээлбэл, та гэрийн ажлаа хийж байхдаа алхам бүрийг нь задлан тайлбарлаж, яагаад энэ нь чухал болохыг тайлбарлаж хэлэх.
Насанд нь тохирсон гэрийн ажил даалгах - Хүүхэд гэр бүлдээ тусалж, өөрийн оролцоог оруулж сурах нь хариуцлагыг заах эхний хичээл болно. 6-9 настай хүүхдийн хувьд хог шүүрдэх, алчуураа эвхэх, тэжээвэр амьтнаа хооллох, хогоо асгах зэрэг нь насанд тохирсон даалгавар юм. Энэ нь нас ахих тусам хувцсаа угаах, хүнс цуглуулахад туслах зэрэг ажлуудаар нэмэгдэх хэрэгтэй.
Өдөр тутам хариуцлага хүлээлгэх - Хариуцлагыг өдөр тутмын амьдралын чухал хэсэг болгох нь тэдэнд хариуцлагыг төвөггүй хүлээж сурахад тусална. Жишээлбэл, өглөөний цай уусны дараа ороо хураах, хоолоо идсэний дараа аяга угаах.
Шагнал - Хүүхдийг хийсэн зүйлийнх нь төлөө урамшуулж, шагнах нь тэднийг тухайн зан үйлдлээ давтах идэвхжүүлэлт болдог. Тэдний үр дүнг биш оролдлогыг нь бас сайшаахаа мартуузай. Жишээлбэл, онц авсанд нь баяр хүргэхээс илүүтэй гэрийн даалгавраа цагтаа хийснийг нь магтаж болох юм. Учир нь үйлдэл, зан авир маш чухал билээ.
Үр дагаврыг заах - Хүүхэд өөрийн хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож сурах нь чухал. Энэ нь тэдэнд сонголт бүр эерэг сөрөг хамаагүй үр дагавартай байдаг гэдгийг ойлгоход тусална. Жишээлбэл, гэрийн даалгавраа хийхгүй бол муу дүн авах, багш нь урам хугарах зэрэг үр дагавартай байдгийг ойлгуулах.
Асуудал шийдвэрлэхэд нь туслах - Хүүхдэд өөрийн хариуцлагыг шүүн тунгааж сурахыг заах нь бие даасан, хариуцлагатай хүн болж төлөвшихөд тусална. Жишээлбэл, тэдэнд өглөө эсвэл орой гэр цэвэрлэх сонголт өгөх.
Найдаж буйгаа илэрхийлэх - Хүүхдэд өөрийн үйлдэлд хариуцлагатай байх нь бусад хүн тэдэнд найдаж байдгийг ойлгуулна. Тэдэгд эхэлсэн зүйлээ дуусгахыг сануулж оулгуулах хэрэгтэй. Жишээлбэл, багийн ажлаа хийж гүйцэтгэхгүй бол багийн гишүүдэд хүндрэл учруулах болохыг ойлгуулах.
Хариуцлагыг хөгжилтэй болгох - Заримдаа хүүхэд аливаа даалгасан зүйлийг ажил ачаалал гэж хүлээн авах тохиолдол бий. Тийм учраас тэдний хийж буй зүйлийг зугаатай бас шагналтай болгох нь тусална. Жишээлбэл, гэрээ цэвэрлэхэд нь цаг тавьж хэн хурдан цэвэрлэх вэ уралдаан зохиох. Энэ нь тэдний оролцоог илүүтэй нэмэгдүүлэх болно.
Урт хугацааны хариуцлага заах - Хүүхэд том болох тусам тэдний хүлээх хариуцлагыг хүндрүүлэх нь урт хугацааны хариуцлагыг заах хэлбэр юм. Жишээлбэл, хүссэн тоглоомоо авахын тулд мөнгө цуглуулах нь тэдэнд төлөвлөж, өөрийн зорилгодоо үнэнч, хариуцлагатай болоход тусална.
Comments