top of page
Writer's pictureSISU School Ulaanbaatar

Хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд туслах арга

Хувь хүний өөртөө итгэх итгэл нь тухайн хүний ур чадварын талаарх ойлголтоос үүдэлтэй байдаг. Тиймдээ ч хүүхэд гэр бүл, найз нөхдийн магтаалаас илүү өөрсдийнх нь гаргасан амжилтаас болж өөртөө итгэлтэй болдог.

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийг хүсдэг нь мэдээжийн хэрэг. Өөртөө итгэлтэй хүүхэд өөртөө итгэж, шинэ сорилтуудыг айдасгүйгээр даван туулах чадвартай байдаг бөгөөд энэ нь аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдралын чухал нэг хүчин зүйл нь болдог.

Хүүхэдтэйгээ хамт тоглох цаг гаргаарай

Хүүхэдтэйгээ хамт тоглох нь таны хүүхэддээ хийх хамгийн чухал хөрөнгө оруулалтын нэг юм. Тэдэнтэй тоглож хамтдаа цагийг өнгөрүүлснээр хүүхэд тань таны хувьд өөрийгөө маш их үнэ цэнэтэй гэдгээ мэдэрдэг. Тоглоомын үеэр хүүхэддээ 100 хувь анхаарлаа хандуулаарай. Хүүхдийн мэдрэх чадвар өндөр байдаг учир таны ухаан санаа өөр газарт байгаа эсэхийг зөнгөөрөө мэдэрдэг. Тиймээс тоглож буй тоглоомдоо өөрийгөө зориулж, хүүхэдтэйгээ хамт жаргалтай нэгэн дурсамжийг бий болгоорой.

Тэдэнд тохирсон үүрэг даалгаврыг өгөх хэрэгтэй

Хүүхэд өөрийн ур чадвараа бусдад харуулж, багахан ч гэлээ түүний оруулсан хувь нэмэр нь үнэ цэнэтэй гэдгийг мэдрэх хэрэгтэй байдаг. Тэднээс гэрийн ажилд туслахыг хүсэх хэрэгтэй. Жишээлбэл:

-Ширээ засах

-Тоглоомоо хураах

-Тоос арчих

-Хог шүүрдэх

-Тоос сорох

-Аяга угаах

-Угаасан хувцаснуудыг эвхэх

-Машин угаах

-Цэцэг услах гэх мэт.

Мөн та хүүхдийнхээ сонирхлыг нь харгалзан үзэж, түүнд тохирсон үүрэг даалгаврыг өгөөрэй. Хүүхэд даалгавраа биелүүлж дуусахад, тэдний өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг байна.

Тэдэнд үргэлж анхаарлаа хандуулахыг хичээгээрэй

Хүүхэддээ бүх анхаарлаа хандуулах цаг гаргах нь хичнээн чухал болохыг бид бүрэн ойлгодоггүй. Тоглоомын цагтай адил энэ нь хүүхдэд өөрийг нь үнэ цэнэтэй гэсэн мессежийг илгээж, хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлдэг.

-Тэдний хэлж буй зүйлийг үнэхээр сонсож байгаагаа харуулахын тулд нүдрүү нь хараарай

-Хэрэв таныг завгүй байх үед хүүхэд таньтай ярихыг хүсвэл хийж буй ажлаа түр зогсоогоод түүний хэлэхийг сонс. Тэдний бодол санаа, мэдрэмж, үзэл бодол чухал гэдгийг тэд мэдэх хэрэгтэй.

-Тэдний сэтгэл хөдлөлийг үгүйсгэж, шүүмжлэхийн оронд тэднийг сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдаж сурах тал дээр нь туслах хэрэгтэй. Ингэснээр та тэдэнд мэдрэмжийг нь хүндэлж, тэдний хэлсэн зүйлийг үнэлдэг гэдгээ харуулах болно. Тэдэнд өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх чадварыг олж авахад нь туслахын тулд өөрийнхөө мэдрэмжийг бас хуваалцаарай.

Тэдэнд байнга урам зориг өгч байгаарай

Хамгийн сүүлд хэн нэгэн таны шаргуу хөдөлмөрийг үнэлж, таньд итгэж буйгаа хэлсэн тухай бодоод үзээрэй. Ийм урам зориг нь насанд хүрэгчдэд ч тэр, хүүхдэд ч тэр өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг байна.

Урам зориг, магтаал хоёрын хооронд асар их ялгаа бий. Нэг нь тухайн хүнийг шагнаж байхад нөгөө нь хийж дуусгасан даалгаврыг нь шагнадаг. Магтаал нь хүүхдэд ямар нэг зүйлийг өө сэвгүй хийж байж л үнэ цэнэтэй юм байна гэдгийг мэдрүүлдэг. Харин урам зориг нь хичээл зүтгэлийг нь хүлээн зөвшөөрдөг. Хэт их магтаал нь хүүхдэд ямар нэг зүйлийг гүйцэтгэх дарамтыг бий болгож, бусдаас зөвшөөрөл авах байнгын хэрэгцээг бий болгодог. Тиймээс хий хоосон магталгүй, түүнд урам зориг өгч, хичээл зүтгэл, ямар нэг зүйлийг эцсээ хүртэл хийх нь ямар чухал вэ гэдгийг хүүхэддээ ойлгуулах нь илүү оновчтой. Та хүүхдээ амжилтанд хүрэхэд нь бэлтгэж, тэдэнд урам зориг өгч, хамтдаа цагийг дурсамж дүүрэн, жаргалтай өнгөрүүлснээр тэдэнд өөрийгөө болон хорвоо ертөнцийг илүү их мэдэрч өсөхөд нь туслах болно.










37 views0 comments

Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.
bottom of page