Хүүхэд харилцаа сэтгэл хөдлөлийн чадварыг бага наснаасаа хөгжүүлдэг. Тэд энэ чадварыг албан буюу цэцэрлэг, хичээл дээрээсээ сурдаг ба албан бус буюу гэр бүл найз нөхдийн хүрээнд суралцдаг. Харилцаа сэтгэл хөдлөлийн сургалтаар хүүхдэд өдөр тутмын амьдралд хэрэгтэй чадварыг заах боломжтой. Үүнд сэтгэл хөдлөлөө удирдах, стрессээ удирдах, бусадтай нөхөрсөг харилцаатай байх, шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх гэх мэт орно. Энэ нь хүүхдийн сурлага, гэр бүлийн харилцаанд шууд нөлөөлдөг.
Сэтгэл хөдлөл, харилцааны үг хэллэг сурах - Хүүхэддээ сэтгэл хөдлөлийн нэршлийг заах хэрэгтэй. Мэдрэмжийн хүрдээр үг хэллэгийг заах нь илүү үр дүнтэй байдаг. Мэдрэмжээ нэрлэж сурснаар хүүхэд сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг.
Давуу талд нь төвлөрөх - Хүүхэдтэйгээ түүний давуу талын талаар тогтмол ярилцах хэрэгтэй. Тэдний юу хийж чадах, юунд сайн болох, юунд дуртай талаар гэх мэт зөвхөн эерэг талыг нь яриарай. Бусад хүүхэдтэй харьцуулж огт болохгүй.
Хариуцлага хүлээлгэх - Хүүхэддээ гэр бүлдээ хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар ярилцах хэрэгтэй. Хамтдаа насанд нь тохирсон сонирхол, авъяас чадварт нь нийцсэн даалгавар бодож олох хэрэгтэй. Жишээлбэл, тэжээвэр амьтнаа хооллох, оройн хоолны ногоо хэрчих, цэцэг услах гэх мэт. Хүүхэд хариуцлага хүлээснээр өөрийгөө илүү үнэ цэнэтэй, хэрэгтэй гэж мэдэрдэг ба өөртөө итгэлтэй болно.
Тоглох - Хүүхдэд бүх талаар нь тоглох боломж, орон зай, цаг хугацааг нь олгоорой. Ганцаараа эсвэл бусадтай тоглож байгаа үедээ хүүхэд харилцаа сэтгэл хөдлөлийн чадвараа хөгжүүлдэг.
Зорилгынхоо төлөө тэмцэхэд нь туслах - Жижиг, бодитой зорилго тавихад нь туслах хэрэгтэй. Том жижиг хамаагүй зорилгын төлөө хичээл зүтгэл гаргах нь хүүхдэд ямар ч нөхцөлд эерэг байж, өөрийн идэвх чармайлтаа алдахгүй болгодог.
Шийдвэр гаргалтанд оролцуулах - Өөртэй хамааралтай ач холбогдол багатай шийдвэрийг хүүхдээр өөрөөр нь гаргуулах хэрэгтэй. Жишээлбэл, өдрийн хоолондоо юу идэх, үсийг нь хэрхэн засах гэх мэт. Хүүхэд шийдвэр гаргалтанд оролцсоноор өөрийн сонголт, үр дагаврын талаар суралцдаг.
Стрессээ удирдаж сурахад нь туслах - Хүүхдэд стресс удирдах төрөл бүрийн арга байдгийг зааж өгөх хэрэгтэй. Биеийн хөдөлгөөний арга болох гүйх, дасгал хийх, гадаа гарах зэрэг байж болох ба амьсгалын дасгал нь хамгийн дасгал хийх нь хамгийн үр дүнтэй арга юм.
Алдааг нь ярилцах - Алдаа гаргах нь хэвийн зүйл болохыг хүүхдэд зааж өгөх хэрэгтэй. Өөрийнх нь гаргасан алдааг ярилцаж, түүнийг хэрхэн удирдаж болох байсан талаар зааж зөвлөх юм. Ингэснээр хүүхэд дараагийн удаа арай өөрөөр алдаа засах боломжтой болдог ба илүү өөдрөг, чадвартай, хяналтыг гартаа атгахад тусалдаг.
Comments